СЭРЭМЖЛҮҮЛЭГ

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Манай улсын зарим газарт “Африкийн гахайн мялзан” өвчин бүртгэгдсэн байна. Уг өвчин нь хил дамжин халдварладаг гоц халдварт өвчин юм. Өвчилсөн гахайд халуурах, ханиах, чичрэх, арьс нь улайх ялангуяа чихний үзүүр, сүүлний үзүүр, хөл, цээж, хэвлийн доод хэсгээр улайх, чацга алдах, бөөлжих, судасны цохилт, амьсгалын хэм олшрох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эрүүл гахайд шууд хавьтал, шууд бус хавьтлын замаар халдварлана. Өөрөөр хэлбэл хүн, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, гахайн байранд ажиллагсдын хувцас хэрэглэл, эд зүйл, тоног хэрэгсэл, хашаа, саравч, өвчтэй гахайтай шууд харьцаж ажиллах гэх мэт. Олон улсын хэмжээнд батлагдсан эмчилгээ байхгүй, өнөөгийн байдлаар вакцины хэрэглээ байхгүй байна. Өвчилсөн гахайн тавилан ихэвчлэн үхлээр төгсөнө. Иймд гахай үржүүлэгч өрх, аж ахуйн нэгж дараах зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана уу. Үүнд:
1. Гахайг хашаанаас гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлж хөдөлгөөнийг хязгаарлах;
2. Өдөр бүр шинж тэмдгийн үзлэг хийх;
3. Гахайг хоолны үлдэгдлээр бус зохих тэжээлээр тэжээх;
4. Гахайг нядлаж өрхийн дотоодын хэрэгцээнд хэрэглэх, зах зээлд нийлүүлэх ажлыг өвчний гаралт, тархалт улсын хэмжээнд намжмал байдалд ортол түр хугацаагаар хойшлуулах;
5. Зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээнд гахайг тогтоосон хугацаанд бэлэн байлгаж бүрэн хамруулах;
6. Мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах;
7. Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн өгсөн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх;
8. Өрх, аж ахуйн нэгждээ мал эмнэлэг ариун цэврийн дэглэмийг мөрдөх;
9. Гахай өсгөн үржүүлэгч айл, өрх, аж ахуйн нэгжийн гишүүд өвчний голомт үүссэн газраар зорчихгүй байх;
10. Гахайд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрмэгц гэрээ байгуулсан Мал эмнэлгийн нэгж, сумын Мал эмнэлгийн тасаг, аймгийн Мал эмнэлгийн газрын аль нэгд 12 цагийн дотор холбогдож мэдээлэл хүргэх;

Дээрх зөвлөмжийг мөрдөж ажиллаагүйгээс бусдад учирсан хохирол болон уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг амьтан өмчлөгч хариуцна.

АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР
Холбогдох утас:96996909, 95696585

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 48
2019 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Ахлагчийн зөвлөл хуралдлаа

Сэтгэгдэлгүй